Икигай: Урт удаан, жаргалтай амьдралын нууц номоос авах амьдралын 5 зөвлөмж2021 оны 5-р сарын 25. 06:22
1. Өөрийн доторх Икигай-г хайж ол Ямар ч сэтгэлийн зовнил, гуниг гутралыг мартаад тэгж ихээр таашааж хийдэг зүйл чинь юу вэ? Ямар үед чи сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг вэ? Яг одоо чи энэ хоёр асуултад олон зүйлийг бодолгүйгээр шуудхан хариулахыг хичээгээрэй. Энэ хоёр асуултын хариу бол чиний “икигай” юм. Хэрвээ чи одоог хүртэл өөрийнхөө юунд дуртай, юуг чаддагаа олж мэдээгүй яваа бол сэтгэлээр унах хэрэггүй. Чамтай адил зөндөө их хүн бий. Зүгээр л яг одооноос эхлээд өөрийн икигай- г хайж олоход, түүндээ өдөр бүхэн шимтэн дурлахдаа цаг гаргахыг хичээ. Чиний икигай заавал бусадтай ижил мундаг том, агуу зүйл байх шаардлагагүй, хамгийн гол нь чамайг аз жаргалаар дүүргэж чаддаг зүйл байхад л хангалттай юм. Хэрвээ икигайгаа олчих л юм бол чиний амьдралаас тэтгэвэрт гарах, хий дэмий цаг үрэх гэсэн ойлголтууд замхран алга болж, чи хэдий хүнд бэрх ажил хийж байлаа ч тухайн ажлаасаа таашаал авж чаддаг нэгэн болох юм шүү.
2. Стресс: Урт наслалтын дайсан Өөрийн икигай-аа л олчихвол ямар ч стресс, ямар ч бартаа саад байхгүйгээр жаргалтай амьдарч болох юм байна гэж зарим нэг маань бодож сууж магадгүй юм. Хэрвээ чи яг одоо ингэж бодож байгаа бол бодлоо өөрчилсөн нь дээр шүү. Учир нь гэвэл хүний тархи тайван амгалан санаа зовох зүйлгүй байх үедээ унтаа, идэвхгүй байдалд шилждэг бөгөөд энэ байдлаараа удаан явбал тархи биднийг 20-иод настай байх үеэс эхлээд л хөгширч эхэлдэг гэнэ. Харин эсрэгээрээ өдөр бүр бага зэргийн стресстэж, өөрийн хүч чадлаас үл ялиг давсан бартаа саадыг даван гарч шинийг эрэлхийлсэн сониуч, аливааг сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байвал бидний бие махбодид кортизол болон адреналин хэмээх даавар өндөр хэмжээгээр ялгаран, наснаасаа эрт хөгшрөхгүй байхад маань эерэг нөлөөг үзүүлдэг ажээ. Тийм ч учраас Япон хөгшин хүмүүс тархиныхаа эсийг үхүүлэхгүйн тулд шинэ хэл сурж, тоглоом тоглон чадах чинээгээр тархиа идэвхтэй байлгадаг байх нь. Харин урт удаан хугацаагаар үргэлжилсэн хүнд төрлийн стресс нь тархины санах ойн эд эсэд муугаар нөлөөлөхөөс гадна, зарим нэг гормоны ялгаралтад хориг үүсгэснээр сэтгэл гутралын үндсэн шалтгаан болдог. Өвчтэй хүүхэддээ санаа зовж маш их бухимдсан гучин есөн ээжийн цусны дээж, дата мэдээлллийг хүүхэд нь эрүүл, стрессийн түвшин багатай ээжүүдтэй харьцуулахад эд эсийн бүтцийг доройтуулдаг телемор хэмээх бодис өвчтэй хүүхэдтэй ээжүүдийн цуснаас хамаагүй их хэмжээтэй илрэн гарсан судалгаа хүртэл байдаг. Хүний бие махбодь хямралд орох үедээ хамгийн ихээр туйлдан доройтдог учраас урт наслахыг хүсэж байгаа хүн бүхэн удаан хугацааны стрессийг аль болох сэтгэлдээ тээж явахгүйг хичээн, сэтгэлээ амар амгалан байлгахад анхаарах нь тун чухал юм шүү. 3. Энгийн зүйлсээс ч таашаал хүртэж сур Ямар ч ажил эрхэлдэг байсан хамаагүй бидний амьдралд гэрээ цэвэрлэх, угаалга хийх, зүлгээ тэгшлэх гээд жижиг сажиг ажлууд мундахгүй их гарч ирдэг. Ялангуяа гэрийн эзэгтэй, ээжүүдийн хувьд иймэрхүү ажлуудыг хийхэд өдрийнх нь нэлээдгүй хэсэг зарцуулагддаг шүү дээ. Нэгэнт л бид өдөр бүхэн хийх учиртай тэдгээр жижигхэн ажлуудыг заавал хийж байх ёстой учраас тэднийг яршиг төвөгтэй хэцүү ажлууд хэмээн бодохоо больж харин зугаатай, сонирхолтой ажил болгон хувиргаж болно шүү дээ.
Билл Гейтс өөрийнхөө ажлын стрессийг тайлахын тулд орой бүр аяга тавгаа угаадаг гэдгийг чи мэдэх үү? Учир нь гэвэл иймэрхүү ажил хийх үед өндөр ачаалалтай өдөржингөө ажилласан хүний тархи тайвширч, ухаан санаа саруул болдог. Франц гэрийн эзэгтэй нар хүртэл орой бүр торгомсог хормогч зүүн, дуртай дуугаа сонсонгоо шалаа шүүрддэг зуршилтай бөгөөд элдэв фитнесс төвд явахынхаа оронд чин сэтгэлээсээ гэрийн ажлаа хийгээд л жингээ барьж чаддаг гэсэн шүү. Тийм ч учраас чи минь урт удаан насалмаар байгаа бол амьдралд зайлшгүй тохиодог, заавал хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг хойш тавин, ялархаж хийлгүйгээр харин ч өөрийнхөө ядаргааг тайлж байна хэмээн бодож, чин сэтгэлээсээ гүйцэтгэж байхыг хичээгээрэй. Хэний ч тоохооргүй жижигхэн ажлыг хийхэд ч өөрийнхөө хүч чадлыг дайчилж чаддаг хүн өмнөө ямар ч том зорилго, мөрөөдөл тавьсан түүндээ заавал хүрч чаддаг хэмээн Япончууд үздэг гэсэн шүү. 4. Бүү санаа зов Өдөр тутмын завгүй амьдралын хэв маяг маань нэг л мэдэхэд биднийг бүх л зүйлд яарч адгасан, өөрийнхөө чадлаас хэтэрсэн хэтэрхий олон зүйлсэд санаа зовсон нэгэн болгоод хувиргачихсан байдаг. Утсаар ярингаа өдрийн хоолоо идэх, подкаст сонсонгоо и-мейл бичих, хүүхэдтэйгээ тоглонгоо сошиал хаягаа шалгах гээд бид үргэлж л хэзээ мөдгүй амьдралаа дуусгах гэж байгаа аятай бүх зүйлийг нэг дор амжуулах гэж хичээдэг шүү дээ. Гэхдээ чи телевизээр сагсан бөмбөг үзэнгээ оройн хоолоо идэж суугаа найзаасаа хоолонд нь сонгино орсон эсэхийг асуухад тэр хариулж чадахгүй гэдэгт ч мөрийцсөн ч алзахгүй. Яагаад гэвэл бид хэтэрхий олон юманд санаа зовсоор нэг ч зүйлд бүрэн анхаарал хандуулж чадахаа больсон юм. Бидний ихэнхийн маань туулах зам бодож байгаагаас маань ч дэндүү урт. Урдаа байгаа уртаа гэгчийн замыг аз жаргалтайгаар, эрүүл саруул туулах л бидний гол зорилго шүү дээ. Тийм ч учраас бид хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч, оюун санаагаа эмх цэгцтэй тайван байлгаж сурах нь олон ажлыг нэг дор амжуулахаас хамаагүй чухал юм. Яарч адгах нь амьдралын чанарт урвуу хамааралтай. “Удаан алах тэгвэл илүү хол хүрнэ” гэх мэргэн үг хүртэл байдаг шүү дээ. Хийж буй ганцхан ажилдаа бүрэн төвлөрч чаддаг болчихвол бид ухаан санаагаа саруул байлгаж, хэрэггүй олон бодлын урсгалаа зогсоож чадах юм шүү. Мөн өөрийнхөө хэр чадлаас давсан зүйлсэд санаа зовохоо болих хэрэгтэй. Зүрх сэтгэлээ халуун дулаан байлгахыг хүсэж байвал түүнийг бүү хөгшрүүл. Чамайг чин сэтгэлээс чинь инээмсэглүүлж чаддаг хүмүүст сэтгэл зүрхээ нээж, тэдний сэтгэлийг ч мөн адил хайраар дүүргэ. 5. 80 хувийн зарчим буюу зохистой хооллолт Япон даяар урт наслалтын тосгон гэдгээрээ алдартай Окинава арлын хойд хэсэгт байрлалтай гурван мянган хүн амтай Огими тосгон бол дэлхийн хамгийн өндөр наслалттай бүс нутаг юм. Энэ бүс нутагт амьдардаг 80 хол давсан хөгшин хүмүүс жирийн иргэдтэй ижилхэн ногооны талбайдаа ажиллан, машин барьж, найз нөхдийнхөөрөө орж гаран, нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг гэдгээрээ тун онцлогтой. Өөрсдийн хоол хүнсний ихэнх орцоо өөрсдөө тариалдаг бөгөөд айл бүхэн өөрсдийн хашаандаа жижигхэн ногооны хашаатай. Нутгийн иргэд халуун ногоо, хоол амтлагчийг оролцуулаад өдөр тутамдаа нийт 206 төрлийн зүйлсийг тогтмол иддэг хэдий ч “хара хачи бу” буюу 80 хувийн зарчмыг үргэлж баримталдаг. “Хара хачи бу”- г хийх нь маш энгийн. Цадаж байгаагаа мэдсэн ч дахиад бага зэрэг нэмээд идмээр санагдах үедээ зүгээр л больчих. Хоолны дараах амттанаа өдрийн хоолны цэснээсээ хасчих, хэтэрхий их илчлэгийг өдөр тутамдаа хэрэглээд байвал бид удаан хойрго болж, их хэмжээний эрч хүчийг зөвхөн идсэн хоолоо боловсруулахдаа л зарцуулсаар эцэст нь бие махбодь доройтож эхэлдэг. Долоо хоногтоо 1 юмуу 2 удаа мацаг барьвал хоол боловсруулах систем маань цэвэрлэгдэж, амсхийх боломжтой болдог. Эрүүл энх, урт удаан амьдрахыг хүсвэл гэдсээ элдэв хоолоор чихэхийн оронд, бүрэн цадалгүй 80 хувийн дүрмээр хооллоход л хангалттай. Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|