Өөрийгөө хайрлахад суралцах нь2021 оны 1-р сарын 19. 05:19
Заримдаа бусдыг хайрлах нь өөрийгөө хайрлахаас илүү амархан санагдах тохиолдол бий. Гэхдээ өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрөх нь бусадтай сайн харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийнхөө үнэт зүйлийг ухамсарлан, өөрийн амьдралаар үнэнч шударгаар амьдрахыг хэлнэ. Та бага зэрэг хүчин чармайлт, тэвчээр, хичээл зүтгэл гаргаснаар өөрийгөө хайрлахуйд суралцаж чадна. ДОТООД ДУУ ХООЛОЙГОО СОНС 1. Өөрийнхөө тухай сөрөг бодлуудаа авч хая Ихэнх хүмүүс өөрсдийгөө сөргөөр бодох хандлагатай байдаг. Үүний гол шалтгаан нь бусдад таалагдах, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх хүслээс үүдэлтэй. 2. Төгс төгөлдөр байх гэж хичээх шаардлагагүй Зарим хүмүүс өөрийгөө бүх юманд сайн байх ёстой, алдаа гаргаж болохгүй гэх зэргээр төгс байхыг хичээдэг. Хэрвээ та үргэлж өөртөө өндөр шаардлага тавьж, өөрийгөө байнга голдог бол дараах гурван алхмыг хэрэгжүүлээд үзээрэй.
3. Амьдралыг сөргөөр харах хэрэггүй Өөрийн амьдралд тохиолдсон сөрөг зүйлсийг байнга бодож шаналах нь муу зуршил юм. Үргэлж сөрөг бодолд автаж, өнгөрсөн дэх азгүйтлүүдээ эргэн санаад байвал та урагшилж чадахгүй. Танд азгүй явдал тохиолдсон байж болох ч үүнийг хүлээн зөвшөөрч, хүн бүрийн амьдралд тохиолддог энгийн зүйл гэж өөртөө ойлгуулахыг хичээгээрэй. 4. Өөрийгөө үргэлж азгүйддэг, бүтэлгүй гэж бодож болохгүй Та ажлаасаа халагдчихаад өөрийгөө бүтэлгүй нэгэн гэж бодож сэтгэлээр унахын оронд “Би энэ ажлаас олж авсан туршлагаа өөр зүйлд зарцуулна. Шинэ ажилд орж үүнээс илүүг бүтээнэ” гэж урам өгөх хэрэгтэй. Хэрвээ танд “Би ийм энгийн зүйлийг ч мэдэхгүй, мунхаг хүн юм” гэх бодол хэзээ нэгэн цагт төрж магадгүй. Гэхдээ энэ үед өөртөө “Би энэ зүйлийн талаар мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч надад үүнийг сурах боломж бий” гэж өөдрөгөөр өөрийгөө хараарай. 5. Бүх зүйл муугаар эргэх вий гэж бодохоо зогсоо Аливаа нөхцөл байдал бүрт муу үр дүн гарах вий гэсэн айдас төрдөг шүү дээ. Гэхдээ та бодит байдлыг байгаагаар нь авч үзэж, дотоод мэдрэхүйгээ эерэг зүйлд чиглүүлснээр муу бодлуудаас өөрийгөө чөлөөлж чадна. 6. Дотоод бодлоо цэгцлэх Өөрийнхөө талаар сөргөөр бодох үедээ энэхүү мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, эх үүсвэр нь юунаас болж байна гэдгийг олж тогтоохыг оролдоорой. Ингэхдээ бодит байдлыг илүү эерэгээр харж, шинэ үзэл бодлоо бүтээх хэрэгтэй. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХАД СУРАЛЦАХ НЬ 1. Өөртөө урам зориг өгөхүйц эерэг зүйлсийг бичиж, байнга харж болох газарт өлгөөрэй Энэ нь өөрийнхөө талаар байнга сөрөг бодолтой байдаг хүмүүст хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ долоо хоногт нэг удаа жагсаалтаа шинэчилж, өөрийнхөө тухай эерэг зүйлийг жагсаалтдаа нэмэхийг хичээгээрэй. Энэхүү жагсаалтыг маш тодорхой гаргах нь зүйтэй. Жишээлбэл: “Би өгөөмөр хүн” гэж бичихийнхээ оронд хэцүү зүйл тохиолдсон найздаа хэрхэн яаж тусалсан талаараа бичих. Ингэснээрээ жагсаалтаа харах болгондоо өөрийгөө хайрлах, хүндлэх шалтгааныг илүү их мэдрэх болно. 2. Өөрийгөө урамшуул
Шаргуу хөдөлмөрлөж, ямар нэгэн амжилт гаргасныхаа дараа өөрийгөө заавал урамшуулж байгаарай. Та дуртай ресторандаа хоол идэх, уншихыг хүссэн номоо авах, аялалд явах зэрэг олон сонголтоос хүртэх эрхтэй. 3. Сөрөг бодлоо даван гарах төлөвлөгөө гаргах Юунаас болж сөрөг бодолд автах болсон шалтгааныг олж, давж гарах арга замыг олохыг хичээгээрэй. Та бусдын үг болон үйлдлийг удирдаж чадахгүй. Харин өөрийн бодол, үйлдлээ хянаж чадна шүү дээ. Өөртөө цаг гаргаж, гүнзгий амьсгаа аван бодит байдлыг тунгаа. Бясалгал хийж ч болох юм. 4. Сэтгэл судлаачид хандах Сөрөг бодлын эх үүсвэр нь өнгөрсөнд болсон бараан дурсамжуудтай холбоотой байх нь элбэг. Тиймээс мэргэшсэн сэтгэл судлаачид хандаад үзээрэй. Тэд таныг сэтгэлзүйн хямралаас гарахад хамгийн сайн дэмжлэг үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. 5. Эрч хүч өгөх эерэг зүйлсийн талаар бод Өөрийн сэтгэл санааг өөдрөг болгох, эерэг зүйлсийн талаар бод. Энэ нь таныг өөртөө итгэлтэй байхад тусална. "Би бол өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг, хайрладаг, өөртөө итгэдэг, өөдрөг хүн" гэж өөртөө хэлж, урамшуулаарай. 6. Ганцаараа байх цагаа аз жаргалтайгаар ашигла Өөрийгөө хайрлах, урамшуулахад цаг зарцуулснаар та амьдралдаа олон эерэг сайхан өөрчлөлтийг мэдрэх болно. Эрч хүч, эерэг энерги, сайхан бодлуудаар өөрийгөө үргэлж цэнэглэж байгаарай. Эх сурвалж:Gogo.mn
Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|